Pages

2011/01/20

Хайр гэдэг чинь ердөө халбага дүүрэн молоко


(Өгүүллэг)
Цэлмэг тэнгэрт одод түгсэн намрын нэгэн орой цээжин дотор тамхи татах хүсэл буцалж байлаа. Ээжийн цувны халааснаас элэгдэж хуучирсан тавин төгрөг туучихаад утаа шаарсан уушгиа баярлуулахаар байрны урд талын шар дэлгүүр лүү зүглэнэ. Гаслах мэт хяхтнах хуучин модон бор хаалгыг яаран байн нээтэл хэзээ ч учирч байгаагүй тэр нэгэн царай зүрх лүү минь аянга мэт ниргэлээ.
            Тэр, үдшийн тэнгэрт түгсэн од мэт гялалзсан хоёр нүдэнд нь алтангадас шиг тод агаад зөөлөн харц үзэгдэнэ. Энэ үед яг л жижиг өрөөний масстай разетканд цохиулчихсан юм шиг хамаг бие салгалаад дэлгүүрийн худалдагч эгчид өнөө муу хулгайн замаар олсон тавин төгрөгөө өгөн нэг Marlboro, биш ээ нэг бохь өгчих гэж сандрангуй хэллээ. Намайг будилж зогсох зуур тэр минь хүн байна гэж тоосон шинжгүй ихэмсэгээр дээшээ хараад гараад явчихав. Дэлгүүрийн эгчээс бохио шүүрэх шахам авч гэрийнх нь хаягийг мэдэх санаатай араас нь яг л өлөн цөөвөр мэт дагана. Аз болоход тэр минь хажуу талын долдугаар байрны гуравдугаар орц руу яваад орчихлоо. Орцыг нь мэдчихсэн юм чинь учир нь олдоно биз гэж өөрийгөө тайвшруулан гэрлүүгээ бохио зажлаад “Чамайг дээ” гэсэн бодолтой сажиллаа.      
            Гэртээ орж орондоо хэвтээд маргаашийг тэсэн ядан хүлээж байв. Нүдээ анихаар л царай нь үзэгдээд нойр хүрэх шинжгүй дэг ээ. Бүр сүүлдээ цөхрөнгөө барж мянга хүртэл тоолж үзлээ. Бас л нөлөөгүй. Магадгүй тэр шөнө миний амьдралын хамгийн урт шөнө байсан байх аа. Одоо бодоод байхад үүр цайхаас жаахан өмнөхөн унтсан санагддаг юм.
            Нарны туяа хөшигний завсраар хоёр нүдэн дээр тусч, өмнө нь хэзээ ч сэрж байгаагүйгээрээ год хийтэл босоод сургууль руугаа явлаа. Арай үгүй байлгүй дээ. Өнгөрсөн шөнө намайг хөшөө болгох дөхсөн өнөө охин манай ангид шилжээд ирчихэж. Төд удалгүй ангийн багш орж ирээд түүнийг ангийн хүүхдүүдэд танилцууллаа. Тэрнийг минь Хулан гэдэг. Яг л хөөрхөн царай туниагүй харагдах биед нь зохицсон нэр.
            Хичээл орж байхад хулгайн нүдээр хөвгүүд түүнийг сонжиж, тарсны дараа зуны амралтаа дуусаад дөнгөж уулзаж байгаа юм шиг л түүний гоо үзэсгэлэнгийн тухай ярина. Яриа өдөх гээд очихоор дээд доод уруул наалдчихсан юм шиг салж өгөхгүй, цээжин дотор ус буцлаад байгаа ч юм шиг мэдрэмж төрж байсан сан. Энэ байдлаар нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Яаж түүнтэй ойртох вэ гэсэн бодол толгойн дотор эргэлдэх зуур нэг санаа дүрс гээд л ороод ирлээ. Тэрхэн зуур орж ирсэн санаа минь Монита.
            Ангийнхаа хөвгүүдээс Хулангын нэр таарвал надтай сольчих гэж гуйхаас нь гуйж, гуядахаас нь гуядан байж зөвшөөрөл аван түүнийг өөрийн болгох төлөвлөгөөндөө оров. Бүх зүйл төлөвлөснөөр минь бүтэж би түүнд бэлэг өгөхөөр боллоо. Нэгдүгээр хороололд байдаг бэлэг дурсгалын дэлгүүрээс 16 мянган төгрөгөөр эмэгтэй хүний дүрс бүхий цэнхэр чулуун кулонтой мөнгөн гинж худалдаж аваад маргааш өдрийн хичээлийн дараа урт цагаахан хүзүүнд нь зүүж өгсөн сөн. Ингэж бид хоёрын богинохон агаад жаргалтай түүх эхэлсэн юм.
            Орой болгон түүнийгээ орцонд нь дуудаж гаргаж ирээд хов жив, хорвоо ертөнцийн сонин сайхныг ярина. Тэр маань ч их хөгжилтэй. Би лав түүнтэй байхдаа уйдаж байгаагүй санагддаг юм.
            Арван нэгдүгээр сарын цас бударсан нэгэн орой жаварт улайсан жаахан хацрыг нь хоёр гараараа бариад хамар эрүүнийх нь яг дунд анх би түүнийгээ үнсэж билээ. Хамгийн халуун, хамгийн нойтон ер нь хамгийн сайхан мэдрэмжүүдийг тэр үед би амссан. Цаг хугацаа харвасан сум мэт өнгөрч бид хоёр хамтдаа жаргалтай найман сарыг үдсэн байлаа.
            Наадмын хоёр дахь өдөр гэрийхэнтэйгээ стадион явах болсон юм. Угаас намайг гадарлах болсон аав ээжтэйгээ түүнийг танилцуулж, ирээдүйн бэр чинь шүү гэдгийг тунхагласан юм шиг л том том алхална. Харин маргааш нь би түүнийхээ гэрт орж билээ. Тэр минь ээж, эмээ хоёртойгоо амьдардаг байсан. Өчигдөрхөн том том гишгэж байсан пээдгэр алхаа кимоно өмсчихсөн юм шиг л жижгэрч, битүүхэн айдаст автаад байлаа. Хадам ээж, эмээ хоёр намайг найрсагаар хүлээн авч хүү шигээ л хайрлах болсон. Ингээд бид хоёр гэр орондоо орж гардаг, заримдаа би бүр тэднийд хоночихдог болов. Арван сарын сүүлээр эмээгийн бие гэнэт муудаж Хулан бид хоёр гэрт хонохоор үлдлээ. Тэр шөнө агуу их хайр, аз  жаргалын үдэш, мөн бидний анхны шөнө байсан.
Цаг хугацаа хоног хоногоор хөвөрсөөр нэг л мэдэхэд аравдугаар ангиа төгсөх дөхчээ. Энэ хугацаанд хов жив, атаа жөтөө бидний хооронд ан цав үүсгэсээр биднийг алхам алхмаар хөндийрүүлсээр байсан юм.
Хүүхэд бүрийн хүсэн хүлээж байдаг хонхны баяраар хар дарсан зүүд шиг зүйл боллоо. Энэ өдөр худал үг, хардалт сэрдэлтээс болж бид муудалцсан. Мэдээж дараа нь эвлэрсэн. Гэхдээ урьдных шигээ аз жаргалтай байхаа больж ялихгүй зүйл дээрээс л ам мурийх боллоо. Энэ байдал үргэлжилсээр сургуулиа ч төгсчихлөө.
Бас нэг хар өдөр тэр надаас салмаар байгаагаа мөн Солонгос улсад сурах болсноо хэлсэн. Тэр үед би яг л ухаан ороогүй жаал шиг ойлгохгүй, итгэж өгөхгүй байсан юм. Сургуулиа төгсөөд иртэл чинь хүлээх болно гэж дотроо амлан түүнийг сэтгэлийнх нь дуудлагаар явуулсан даа. Гурван сарын дараа миний и-майл хаягт найз залуутай болсон тухайгаа бичиж бүр хамт авхуулсан зургаа хүртэл явуулсан байв. Энэ чинь юу болох нь тэр вэ? Тэнгэр нураад ирэв үү. Түүнийг гэсэн халуун сэтгэл минь даралттай усаар шүршүүлчихсэн юм шиг л болж, хар усыг хань болгож, дэн буудлаар гэр хийж хэсэг хугацааг өнгөрөөв. Түүний хувьд би зүгээр л хаягдмал орхидос болон хоцорсон гэдгээ энэ хугацаан ойлгож мартахаар шийдсэн. Үргэлжлэх амьдралыг өөдрөгөөр харж өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй болгож өгсөн түүнд би баярлаж явдаг.
Түүнээс хөндийрснөөс хойш хэдийнээ таван жил ард хоцорч. Энэ хугацаанд би олон сайхан бүсгүйчүүдтэй учирсан. Гэхдээ тэрнийг минь гүйцэх нэг ч байгаагүй. Яагаад гэвэл бусдыг би түүнтэй жишиж болсон. Магадгүй би хэн нэгэн сайн бүсгүйтэй учирч хамтран амьдарсан ч үхэн үхтэлээ түүнийгээ дурсах байх.
Сайхан хайр гэж байдаг юм шүү, олбол түүнийгээ бүү алдаарай гэдэг юутай үнэн үг вэ гэдгийг би ингэж л ойлгож авсан юм даа..

No comments: