Pages

2012/11/27

М.Каддафидуулах уу? Н.Энхбаярдуулах уу? эсвэл У.Хүрэлсүхдэх үү?


Хорвоотой танилцсан минь буюу Нямка ах бидэн хоёр

Намайг гурван настай нусаа гойжуулсан нялзрай хүүхэд байхад МҮБХ-ны тэргүүнээр нүүрэндээ мэнгэтэй юм шиг энэ ах ажиллаж эхэлсэн юм билээ. Тэгээд би нэлээд явж байгаад 1998 онд гуравдугаар ангид орж хүрд цээжлэх гэж үйлээ үзэж үсээ зулгааж байхад энэ ах "Монгол бөхийн өргөө"-г ард түмний дэмжлэгтэйгээр бариулж "Бурхан" мэт тахиулах болсон юм. Одоо намайг их сургуулиа төгсөөд 25 настай болчихоод ажлаа хийгээд явж байхад манай ах байсаар л байна. Одоо бүр допинк, найрааны асуудлаар Улсын арслан Х.Мөнхбаатартай шүүхдэх дээрээ тулчихаж. Бас түүнийг АТГ-аас шалгахаар болсон гэсэн. Бүхэн бүтэл миний амьдралтай тэнцэх хугацаанд МҮБХ-г удирдсан хайрт ахынхаа тухай болон түүний тэргүүлдэг байгууллагынх нь талаар бичихгүй бол алдас болох биз ээ.

Өнөөгийн Монгол бөх

Заалны барилдаан "МҮБХ болон ШинХУА компаний таван жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан..." гэх нь холгүй л эхлэнэ дээ. Гадаад нэршилийг Монгол бөхийн цолонд сонсох ямар муухай байдаг гээч. Дагваа аваргыг түрүүлэхээр Японууд дургүйцлээ илэрхийлж өгзөгөө тавьсан гудасаа шиддэг шиг уусан ундааны саваа Монгол бөхийн дэвжээ рүүгээ шиднэ. Муу юмыг сурахдаа хурдан шүү манайхан нээрээ. Бөхийн жудаг гэж огт алга. Энэ жилийн наадмаар л гэхэд аймгийн арслан Пүрэвсайхан, харцага Пүрэвжавд уначихаад гэдэс рүү өшиглөснийг харсан. Учир нь Пүрэвсайханы ах Улсын заан Батзориг бөгөөд "Ар" томтой учраас өөрөөсөө цол дээгүүр нас ахимаг Пүрэвжав харцагыг өшиглөсөн гэж болно. Тэгээд ийм үйлдэл гаргачихаад огт шийтгүүлдэггүй нь гайхамшигтай. Хөлбөмбөг байсан арав гаруй тойргоор бандуулсан байгаадаа уг нь
Энэхүү бичлэгэн дээр "http://www.youtube.com/watch?v=fJHjUWAOwQc" цагдаа зодож байгаа нөхөр бол Монгол улсын начин цолтой бөх гэж байгаа. Хөөрхий цагдаа хэмх нүдүүлэн байж Начинг баривчлуулсан ч цагийн дараа суллагдсан гэх ам мэдээ бий. Өөр зөндөө олон баримт бий. Энэ бол зүгээр л оршил юм шүү. Бичсэн нийтлэл минь яг одоо эхэлж байна.

 М.Каддафидуулах уу? Н.Энхбаярдуулах уу? эсвэл У.Хүрэлсүхдэх үү?

Монгол үндэсний бөх, түүний мэх, амлагаа, дэвээ шаваа, өмсгөл зүүлт, хараа, зогсолт, хөдөлгөөн зэрэг нь хэдэн мянган жилийн хугацаанд манай ард түмний аж амьдралаас урган гарсан зүйл билээ. Тиймээс спорт гэхээсээ илүүтэйгээр Монгол түмний ёс заншил, соёл урлагийг дотроо тээж ирсэн агуу их өв соёл юм.  

УРАН МЭХИЙГ УРАЛДУУЛАН ХИЙХ ГЭВ ҮҮ?

            “Цол дуудах ёсон бол бүхэл бүтэн шинжлэх ухааныг агуулсан томоохон хөгжмийн зохиол” гэж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров гуайтай ярилцаж байхдаа сонсож байлаа. Монгол бөхийн цол дуудах ёсонд “Уран мэхийг уралдуулан хийж, Хүчийг үзэн барилдъя гэв ээ” хэмээх сайхан мөр бий. Одоо үеийн Монгол бөхөд ингэж цоллох шаардлага байгаа ч юм уу? гэх бодол сүүлийн үед төрөх болов. Учир нь 100 кг жинг хол давсан бөхөөс өмсөх, тонгорох, сээрэн дунгуйдах, гар ачих гэсэн гайхамшигт мэхийн техник, уран барилдаан гарахгүй байна. Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны  22 жилийн түүхэн яруу алдарт “хөгжлийн” замналын “ачаар” уран мэх гаргах нь чухал бус хүчний, тактикийн барилдаан өдгөө зонхилох болов. Энэ бүхэн шахааны барьц хэмээх бөхчүүдийг “гүзээлүүлэх” аргачлал хэрэглэж эхэлсэнтэй шууд холбоотой. Хөнгөн жинтэй бөх уран барилдаан үзүүлэх хэдий ч шахааны барьц алдсан тохиолдолд ердөө 0.000000000001 хувьд нь л давах магадлалтай. Тиймээс ахлах сургуулиа ч дүүргэж амжаагүй байгаа залуу бөхчүүд цүнхээрээ дүүрэн уураг, витамин авч явдгийг учир мэдэх бөхчүүд ярих юм билээ.
Даяар дуурсагдах, Далай, Даян, Дархан аварга Ж.Мөнхбат “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцож байхдаа “Одоогийн бөхчүүдийн ихэнх нь гүзээтэй махан бөхчүүд боллоо. Дээр үеийн бөхчүүд одоогийнх шиг гүзээтэй тарган биш байсан. Тиймдээ ч бөх сонирхогчдод уран барилдаан гэдгийг үзүүлдэг байлаа. Энэ шахааны барьц гэдэг балай юмнаас л энэ бүхэн болсон...Сүүлд хамгийн чанга унасан бөх бол Даян аварга Г.Өсөхбаяр... Говь-Алтай аймгийн Цээл сумын харъяат Улсын Начин Ж.Бат-Эрдэнэ( одоо МУ-ын гарьд болсон), Даян аваргын ДҮҮРЭЭГ нь ДЭЛБЭРТЭЛ хаясандаа” гэж ярьж байсныг та бүхэнд эргэн сануулъя. Эндээс харахад Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ, Харцага Ц.Содномдорж, Начин Э.Энхбат тэргүүтэй гарын арван хуруунд багтахгүй бөхчүүдийг эс тооцвол Дархан аваргын хэлдгээр бусад нь “Махан” бөх болж таарч байна. Тэдний дунд шодооны одтой, цаг дуустал аргацаадаг шахааны барьцны бөх ч мэр сэр бий. Ямар сайндаа энэ жилийн наадмын түрүү МУ-ын арслан П.Бүрэнтөгсийн тухай “мордсоор байгаад арслан авдаг чинь хэн билээ” гэж надаас нэгээр ч тогтохгүй хүн асуухав дээ. Үндэсний бөхөө дээдлэн хүндэлдэг ард түмэн бидэнд шинэ мянганы эхэн үеийн идэр зургаан зааны гал гарсан барилдаануудыг санагалзан үсээ зулгааж суухаас өөр арга алга гэж үү???  
            Үндэсний бөхийн хөгжил сүүлийн 22 жил уруудсан уу гэхээс өөдлөсөн зүйлгүй байна. МҮБХ-ны хамгийн гол анхаарч ажиллах зүйл нь дээр дурьдсанчлан уран мэхийг уралдуулан хийлгэж үнэн хүчийг үзүүлэн барилдуулах л юм. Сонин гаргаж, Гиннест бүртгүүлэх нь урсгалаа л дагасан зүйл. Гиннест Монгол бөх бүртгэгдсэн нь мэдээж гайхамшигтай ажил болсон. Харамсалтай нь энэхүү ажил Монгол бөхийн хөгжилд юу ч авчираагүй нь үнэн. Үзэгчид нь хөгжөөд байхад Монгол бөх огтоос хөгжихгүй байна. Харин допингийн асуудал бол яахын аргагүй Монгол бөхийн хөгжилтэй хамааралтай.

ҮНЭН ХҮЧИЙГ ҮЗЭН БАРИЛДЪЯ ГЭВ ҮҮ?

            Үнэн хүчээ үзнэ гэхээр допинк, найрааны асуудал шууд бууж байна. Үүнийг МУ-ын арслан Х.Мөнхбаатар өөрийн жишээн дээр давхар батласныг сануулъя. Улсын их баяр цэнгэл наадмын долоогийн буюу зааны даваа 70 сая төгрөгний үнэтэй гэж бодохоор начины даваа 50, харцагын даваа 60, гарьдын даваа 80, үзүүр түрүүний барилдаан 90 сая төгрөг гэсэн үг биш биз.
Монгол бөхийн тогоонд чанагдаж яваа бөхчүүд нь хүртэл найрааг жигшиж байгаагаа бичсэн байх юм. “Хүний хүсэл сонирхол гэж зүйл гээгддэггүй бололтой. Ямар нэгэн хэлбэрээр илрээд л байх юм. Тэсч чадалгүй наадамд зодоглоод хоёр давлаа. Сайхан байна. Гэхдээ нэг зүйл сэтгэл ихэд эмзэглүүллээ. Найраа гээч бузар зүйл газар авчихажээ. Н.Гончигдамба, Б.Амарзаяа хоёроос бусад нь бүгд найраа. Харсаар байтал цүнхтэй мөнгө үүрээд л яваад байх юм. Начин болох гэж 500 саятай ирээд тасдууллаа л гэх юм. Мөнгөн дээрээ тохирохгүй уналаа ч гэх шиг. Тавын даваа хүртэл дандаа сайхан найруулаад тавьчихсан жүжиг. Эдэнд ард түмнээ гэсэн сэтгэл нэгээхэн ч алга. Бөхийн холбоо Р.Нямдорж тэргүүтнүүд одоо зайгаа тавьж өгмөөр юм”( http://sportnews.mn/forum/viewtopic.php?f=15&t=4831) гэж Төрийнхөө их баяр наадамд үнэн хүчээ үзэж хоёр давсан бөх бичжээ.  
“Би бөхийн холбоог байгуулснаас хойш харин ч найраатай тэмцсээр ирсэн” гэж МҮБХ-ны Тэргүүн Р.Нямдорж, Х.Мөнхбаатар арслантай мэтгэлзэхдээ хэлж байсан. Угтаа ерээд оны эхэн үеийн найраа нь нутаг усныхаа бөхчүүдийг дээш гаргах үзэлтэй холбоотой. Найраа одоогийнх шиг сая, саяар тоологдох зах зээл болтлоо эрээ цээрээ алдчихаагүй байсан үе. Найраа хөгжсөн үү гэхээс биш Үндэсний бөх хөгжсөн зүйл огт алга. Р.Нямдорж тэргүүний 22 жилийн тэмцлийн үр дүн энэ юм гэж үү?  
Цахим ертөнцөд допингийн мэдээлэлд сэтгэгдлээ үлдээж байгаа уншигчдын 99.9 хувь нь Р.Нямдорж тэргүүнийг ажлаа хүлээлгэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлжээ.  Мөн бөхийн өргөө түүний хувийн өмч биш ард түмний өмч гэдгийг байнга сануулж байгаа юм. Энэ сарын 4-ний өдөр Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам “АСА” циркд явагдсан билээ. Зохион байгуулагчдын зүгээс Монгол бөхийн өргөөнд наадмаа явуулах хүсэлт тавихад тухайн өдөр арга хэмжээтэй гэсэн шалтгаанаар МҮБХ-ноос татгазсан хариу өгсөн аж. Учир нь Монгол туургатны наадмыг Дэлхийн Монголчуудын Үндэсний бөхийн Холбооноос зохион байгуулдаг бөгөөд МҮБХ тус байгууллагатай тийм ч сайн харилцаатай байдаггүйтэй холбоотой гэнэ.
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээ ариун бус байгаа энэ үед МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржид өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх буюу У.Хүрэлсүхдэх арга байна. Залуу Гарьд Н.Ганбаатарыг унасан ч, давсан ч хэл ам хийлгүй тахимаа өгчихдөг жудагтай бөх гэж бөхийн хорхойтнууд ярилцдаг. Иймээс Гарьд хүүгийнхээ ч, өөрийнхөө ч нэрийг цэвэр авч гарах арга бол өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгөх юм. 
Би гайхаад байна. Р.Нямдорж ах Ливийн төрийг 45 жил удирдсан М.Каддафигийн замналаар орохыг хүсээд байгаа юм болов уу? эсхүл АТГ-аас шалгуулах гэж байгаагаа мартаад Н.Энхбаяр эксийн араас явах гээд байна уу? ёстой чөтгөр бүү мэд.
Яаж уран мэхийг уралдуулан, үнэн хүчийг үзүүлэн барилдах вэ?

            Шахааны барьцнаас боловсронгуй арга гарч ирвэл солиход бэлэн байгаа гэж МҮБХ-ноос мэдэгдэж байсан билээ. Шахааны барьцнаас өөр аргыг Дархан аварга Х.Баянмөнх тэргүүтэй  хүмүүс санаачлан гаргаж байсан ч дэмжигдээгүй гэх мэдээлэл бий. Энэ арга нь товчхондоо тойруулж тавьсан суран дотор барилдах юм. Сурын тойргоос гарсан бөх унасанд тооцогдох бөгөөд өмнө нь энэ аргыг хэрэглэж байсан тухай түүхийн сурвалж бий гэдгийг Х.Баянмөнх аварга хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байдаг. Үүнээс гадна барилдааны хугацааг багасгаж аль идэвхитэй барилдсан бөхөд нь барьц сонгох эрхийг шууд өгч байх талаар ч зарим бөхчүүд ярьсан нь бий. 
 Энэ сарын 4-ний өдөр болсон Монгол туургатны үндэсний бөхийн V их наадмын -85 кг-ын жинд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй уран мэх, дайчин барилдаан гарсныг бөхийн хорхойтнууд ам уралдуулан ярьж байна. Одоогийн манай бөхчүүд жингээ хасна гэдэг ямар ч боломжгүй зүйл билээ. Тиймээс Монгол үндэсний бөхийг яагаад хоёр жинд хувааж болохгүй гэж. Өмсөх, гар ачих, сээрэн дунгуйдах, тонгорох мэхнүүдээ харах ганц боломж энэ л байна.
         Харин хэл ам татлаад байгаа найраа, допингийн асуудлыг шийдвэрлэнэ гэдэг тун ярвигтай зүйл юм. Сумо бөх шиг авсан цолоо дараагийн жилд хамгаалж чадаагүй тохиолдолд хураалгадаг бол Монголоо алдсан зүйл болох биз. Ер нь дэлхийд ганц Монгол наадам, Цагаан сарын барилдаанаа уламжлал хэлбэрээр зохион байгуулж, бусад заалны барилдааныг мэргэжлийн статустай болговол найраа допингийн асуудал арилах ч юм билүү. Өөрөөр хэлбэл барилдсан барилдаан, давсан даваа бүрээс нь бөхийн чансааг тогтоох бөгөөд тогтмол сайн барилдаж байгаа бөх дээгүүр ам авна гэдэг шударга шүү дээ. Бөхчүүд чансаагаа ахиулахын тулд найраанаас татгалзаж сурна. Гэхдээ ийм байдалд шилжихийн тулд сайн менежмент л хэрэгтэй. Өөрөөр хэлбэл барилдааны давааны урамшуулал, бай шагнал нь өндөр байж гэмээ нь найраа хэмээх асуудал ор үндэсгүй алга болох юм.  Мэргэжлийн спортод допинк хэрэглэсэн тамирчинг оролцуулалгүй эрхийг нь хасдаг хуультай.  Тийм ч утгаараа мэргэжлийн гэсэн статусыг үүрч явдаг билээ. 
Энэ мэтчилэн МҮБХ-ны 22 жил хийсэн ажлыг хэдхэн жилд амжуулах чадвартай надаас хавьгүй дээр боломж, санаа хэлэх олон зуун боловсролтой залуус Монголд байна.