Pages

2010/12/21

Амьдрал ба туслах дүр

 

       

Эхлэл  
  Амьдрал бол агуу жүжиг. Би найруулагч, гол дүрийн жүжигчин нь учраас үлгэрийн мэт сайхан, аль эсвэл эмгэнэлт болгох эсэхээ өөрөө л шийднэ. Жүжиг төгс төгөлдөр болох эсэх нь найруулагчийн ур ухаан, авъяас билэг, алдаагүй сайн зохиол, мөн туслах жүжигчидийн сонголтоос шалтгаалдаг. Бидний амьдралын салшгүй хэсэг бол эцэг эх, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд билээ. Тэд бол бидний туурьвиж буй жүжгийн туслах дүр юм. 
                        1. Алаг хорвоод төрсөн минь учиртай
            
Би бурхан шүтдэггүй, итгэдэггүй. Энэ хорвоод хүн болгон амьдрал хайрласан хоёр буурай минь миний бурхан. Тэд бол мөнхийн үнэн. Тэнхэлгээ тойрон эргэх эх дэлхийд оршин суух зургаан тэрбум гаруй хүний цөөнгүй хэсэг нь эцэг эхийн халамж хайрыг амсаж үзээгүй байдаг. Би бол эцэг эхийн агуу хайрыг амсаж өссөн өчүүхэн муу шимэгч хорхой. Яагаад өөрийгөө шимэгч хорхой гэж нэрийдсэн нь сонин байж болох юм. Эцэг эх минь халуунд халж, хүйтэнд хөрж, халтар хэдэн цаасны төлөө өөрийгөө зольж явна. Энэ бүхэн эцсийн эцэст хэний төлөө вэ? Хар хөлсөө цувуулан байж олсон мөнгийг нь хортон шавж мэт мэрж, ханаж цадахаа мэддэггүй зан бидэнд бий. Хатуухан хэлсэн үнэн үгийг нь хайхран сонсоогүй ч үе байгаа байх. Амьд ахуй цагт нь ачлалт хоёр буурайдаа ядаж ганц ч удаа “Энэ хорвоод төрүүлж өсгөсөнд тань баярлалаа” гээд хэлчихэж амжаагүй л явна. Цээжин доторх энэхүү бодлоо цаасан дээр ч болтугай бичин хэлье. “Ааваа ээжээ алаг хорвоод төрүүлж өсгөсөнд тань гялаалаа.”
            Идэх хоол, өмсөх хувцасыг минь олохын төлөө эцэг минь хэчнээн эсээ үхүүлээ бол. Хумхийн тоос байхаас эдүгээ хүртэл тээж төрүүлсэн өсгөсөн ижий минь хэчнээн шөнийн нойроо хугаслаа бол. Энэ их ачийг нь хариулах хэн ч үгүй. Хэзээ ч гарахгүй. Буруу үйлийн гэсгээлд ирдэг эцгийнхээ шанаадалтаар барцадаа тайлж, эндсэн алдааг минь зэмлэн ойлгуулах ижийнхээ сургаалаар би омогшиж явдаг аа. Орчлон ертөнц хорвоод эцэг эхийн минь үг шиг үнэн нь үгүй. Ижий аавын минь хайраас агуу нь үгүй билээ. 
            2. Нөхөрлөл эхэлсэндээ биш найзалж яваад яаж дуусах даа
           
Надад нөхөд олон бий. Уйлдаг, дуулдаг, уудаг. Сэтгэлийн минь нандин утсыг хөнддөг, тархины минь түгжээг мулталдаг, талх сахараа хувааж иддэг. Хүний амьдралын хамгийн анхны хүрээлэл бол гэр бүл. Харин дараагийнх нь найз нөхөд. Хүн гэдэг амьтан ухаан орсон цагаасаа л хэн нэгэнтэй үзэл бодлоороо итгэн үнэмшилээрээ нийцэж, нэг ёсондоо ахан дүүс болдог. Энэ харилцаагаа нөхөрлөл гэж нэрийднэ. Тэгвэл нөхөрлөл гэдэг чухам юу вэ? Залуу насны зүйл үү? Насан туршийн харилцаа юу? Тухайн хүний өөрийн сонголтоос шалтгаалж энэ асуултын учиг тайлагдана. Жишээ нь миний хувьд дутуу дулимагаа нөхөж, дундуур бүхнээ дүүргэж чаддаг арав гаруй нөхөд байлаа. Амьдралын шалгуур сорилт аажим аажмаар биднийг хэмэлсээр гарын хуруунд багтахгүй байсан тоо дөрөв хүртлээ буурсан. Тэгэхээр найз гэдэг тийм ч төгс төгөлдөр, итгэл үнэмшилтэй зүйл биш юм. Мөнгө хэмээх хүчирхэг зэвсэг таны гарт байгаа цагт танилын хүрээлэл тань улам тэлсээр л байна. Харин ядарч зовсон үедээ та ганцаар хоцорч мэднэ. Тиймээс найз гэдэг бол хийсвэр зүйл. Амьдралын бартаанаас шалгарсан, тодорхой цензурыг хангаж, итгэл ойлголцлын эзэнт гүрнийг сэтгэл дотроо байгуулагч хүнийг би найз биш анд гэж нэрлэмээр санагддаг. Анд гэдэг үг тэртээ 13-р зууныг санагдуулна. Тэмүүжин Жамухын нөхөрлөл бол анд гэдэг үгийн сонгодог утга юм. Хороох сэтгэл байвч ямар нэгэн далдын холбоо Жамухыг эзэмдэж сайн нөхрийн талд эргэсээр байдаг. Та найзаасаа юу ч бүү хар. Харин аль болох өөрийгөө зориулж сэтгэл дотор нь орон зай эзэнт гүрнийг бий болго. Энэ үйлдлийг чинь хүлээн авч эзэнт гүрнийг байгуулалцсан хүн л жинхэнэ таны анд болж чадна. Хүн болгонд нөхөд бий. Уйлдаг, дуулдаг, уудаг, иддэг. Харин анд бол ховор. Найз гэдэг бол ердөө л дөрвөн үсэг. Н.А.Й.З. 
                                    3. Гэр дүүрэн гэгээ цацруулагч
            
Хүнд маш олон сонголт тулгардаг. Зөв сонголт хийсэн хүн бэрхшээл зүдгүүрийг ялдаг жамтай. Гэр бүлийн салшгүй хэсэг болсон хань ижилээс тухайн хүний уруудах, өгсөх нь хамаарна. Ханиа зөв сонгосон хүн асар өндөр бай шагналтай азын сугалааны ялагч болдог гэхэд хэлсдэхгүй. Залуу насны ааг омог, хаврын тэнгэр шиг зан араншин эхнэр авч, нөхөр болсны дараа төлөвшин,жинхэнэ эр хүн болдог юм болов уу гэж би боддог. өмнө нь дандаа тэжээлгэдэг байсан бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүний хэв маяг хөмөрсөн тогоо мэт эргэж хооллох, хувцаслах, амьдрах таатай орчныг нь бүрдүүлэх гээд л аар саархан зүйлээс авхуулаад хэзээ ч биелүүлж чадамгүй мэт асуудал чиний толгой дээр бууна. Харин чамайг ингэх үед хос багана мэт түшилцэж, халуун хайр урмын үгээр харамгүй шагнагч бүсгүйг чи олсон бол зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Эмэгтэй хүн, гэргий гэдэг бол хоол хийж, хувцас угаан, хүүхдийг чинь өсгөдөг хэрэгсэл биш ээ. Эр хүнийг залан чиглүүлэгч, итгэлт зөвлөх, энэхэн биений минь нөгөө тал юм. Тэд бас тайлагдашгүй агуу ертөнц. 
                                          4. Миний үргэлжлэл
           
Эр хүн энэ хорвоод эцэг болох үедээ хамгийн аз жаргалтай байдаг гэж би дуулсан. Удам залгаж, галыг нь манах үр нь тэдний амьдралдаа авч байсан хамгийн том бэлэг. Эцэг болсон эр хүн мөнгөө юунд, яаж зарцуулахаа мэддэг гэлцдэг. Хар багийн андийнх нь төрсөн өдөр түүний хувьд энгийн өдөр болон хувирч, наргиж цэнгэх байсан мөнгөөрөө нялх үрдээ “памперс” бариад л очно. Гэргийтэйгээ ам мурийж, харьмааргүй байлаа ч үрээ гэсэн эцгийн сэтгэл өөрийн эрхгүй гэр лүү нь зулгаана. Алтан дэлхийд хүн болж төрснийх ааваа гэж дуудуулах хамгийн сайхан байх даа. Үр хүүхэд гэдэг ертөнцийн чихэнд намайг дуулгах цуурай, мянга мянган жил нэрийг минь алдаршуулах миний үргэлжлэл.
            Төгсгөл
Хүний амьдралын салшгүй хэсэг болсон эцэг,эх хань ижил, үр хүүхэд, анд нөхдийгөө хайрлаж хамгаалан, халамжлах үүрэг гагцхүү гол дүрийн баатар бидэнд л бий. Хэн нэгэнд заан сургах, сэнхрүүлэн ухааруулах гэж үүнийг бичсэнгүй. Зүгээр л миний сэтгэлийн өчил, амьдралын маань зорилго, жүжгийн минь зохиол байлаа.

1 comment:

Anonymous said...

naiziin tuhai bichsen heseg n ih taalagdlaa