Pages

2010/12/21

Харангадсан “Утаанбаатар”



(Фельетон)

(2066 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр)
Монголоо хайсан Монгол Аян замын тэмдэглэл
Кимчи сонины сэтгүүлч Ким Бат ху Яг

Одоогоос тавин жилийн өмнө эх болсон Монгол Улсад минь агаарын бохирдлоос шалтгаалан утаан галав юүлж угийн бие муутай би амьсгал бачуурахын эрхэнд БНСУ-руу дүрвэсэн юм. Үүнээс хойш таван жилийн дараа Монгол Улс усны хомсдолд орсон гэдгээ дэлхий нийтэд зарласан билээ. Элэг нэгт ахан дүүстэйгаа уулзаж төрсөн нутгийнхаа шорооноос авч харих санаатай хорин литр ус, хорт утааны баг, хөөрхий муу мишиокоо бариад гарсан юм. Сөүлийн онгоцны буудлаас хөөрөөд хоёр цаг 47 минут өнгөрч байтал бараан хар үүлэн дунд ороод ирлээ. Экипажийн дарга:
“Эрхэм хүндэт зорчигчидоо манай онгоц Монголын газар нутагт орж ирлээ. Хорт утааны багаа зүүж, хоёр гурван сав ус халааслаарай” гэж зарлав. Ойролцоогоор 76 минутын дараа Улаанбаатар хотын “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардаж зорьсон газартаа ирсэн юм. Дэд бүтэц муу учраас суудлын машин явах аргагүй болж таксинд нь трактор явдаг ажээ. Хотын төв рүү явах замдаа Монгол хүний дасан зохицох чадварыг үнэхээр гайхсан юм. Сүүлийн жилд төрсөн хүүхдүүд нь агаарын онцлогоос шалтгаалж нахиу том хамартай нүх нь агаар цэвэршүүлэхэд зохицсон яг л шүүлтүүр шиг өтгөн хар үстэй болон хувирсан нь дасан зохицох чадвар сайтай үндэстэн гэдгийг харуулж байлаа. Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, барилга байгууламж, сайхан хүүхнүүдийн тухай бичихийг хүссэн ч харамсалтай нь хоёр нүд утаанд хорсоод олигтой сайн мэдэж чадсангүй. Харин Монгол хүмүүсийн аж амьдралын талаар багахан мэдээлэл цуглуулснаа сийрүүлье.
Ажлын байрны олдоц муутай хүнд хөнгөн үйлдвэр бараг байхгүй ба төрийн мэдэлд хэдэн худаг, хоёр цахилгаан станц, хувийн хэвшилд хорт утааны баг, шатахуун түгээдэг хэдэн компани ажилладаг байна. Хамгийн сонирхолтой нь ажилчид цалингаа цэвэр усаар бодуулан, шагнал цалиндаа хорт утааны баг, хоёр настай бут гэх мэт зүйлс авдаг аж. Хөдөлмөрийн хөлсний доод ба дээд хэмжээ нь 108 л ус бөгөөд НӨАТ, нийгмийн даатгал зэрэг татварууд хасагдаад ойролцоогоор 86 л ус гар дээрээ авдаг байна. Нэг авууштай тал нь энд баян хоосны ялгаа гэж алга. Ерөнхийдөө ядуу, нэн ядуу гэсэн нийгмийн бүлгүүд байдаг. Ядуу айл гэдэг нь хашаандаа хоёр гурван модтой, хөргөгчиндөө хэдэн литр усны нөөцтэй, гэр бүлийн гишүүд нь тус тусдаа “Адидас” брендийн хорт утааны багтай байна. Нэн ядуу айлын тухай бичээд илүүц биз. Хүний мууд дурлаад яахав. Өдөржин хотын соёлтой танилцаж явсаар нэг л мэдэхэд орой болчихлоо. Хонуулах айл олддоггүй үзэг нэгт нөхөр яруу найрагч С.Начингийн хашааны гадна очиж танайд хоноё хэмээн долдугаар өнгөний соль хоолойгоор орилтол бүрээс нь урагдсан бор гэрээс тонил цаашаа гэсэн хариу орилолт сонсогдов. Залуу насандаа тусархаг сайн залуу байсан юмсан гэж битүүхэн дотроо гомдож зогстол оюутан цагийн минь анд Баяржаргал тааралдлаа. Баяржаргалд учир явдлаа хэлээд Начингийн тухай асуутал:
“Хөөрхий муу Начин Өлзийбаяр гэдэг хүүхэнтэй гэрлээд дандаа доромжлуулж гэрт орж эм, гадаа гарч эр болж нөгөө муу  шулам шиг хүүхнийхээ үгээр байдаг болсон. Урдаас нь эвгүйхэн харахаар сална гэж айлгаад байдаг юм гэсэн. Өөрөө чааваас ухаангүй хайртай учраас авгайдаа атгуулчихсан байхгүй юу. Чи тэрэн дээр эмзэглээд гомдооод яахав “ гэж хэлэхэд нь дотор онгойгоод муу найзыгаа өрөвдөөд явчихлаа. Баяржаргалтай оюутан цагийнхаа хөгжилтэй зүйлсээ ярин гэрт нь хонох нүхээ малтаж дуусаад танайд хоноё хэмээн тал застал,
-Манайх тийм хүн хонуулаад байх айл биш шүү дээ гэж хариулав.
-Зүгээрээ би мишиоктойгоо явж байгаа, үүдэн дээр чинь ч хамаагүй засаад унтчихна гэж гуйсаар арай л гэж хонохоор боллоо. Баяржаргал маань Насанжаргал гэдэг монголжингоо бүсгүйтэй гэрлэж хоёр хөөрхөн хүүхэдтэй болжээ. Хүүхдүүдийнх нь нэр маш өвөрмөц. Том охиноо Хүчилтөрөгч, бага хүүгээ Галт-Ус гэж нэрлэжээ. Нэрнийх нь учрыг асуувал Монголын ард түмэн цэвэр агаар, мөрөн голтой болохыг бэлгэдсэн нэрийг хүүхдүүддээ хайрлах болж. Манай Баяржаргал ч яаж дутахав хүүхдүүддээ нэрийг нь өгчээ. Элдэв янзын хов жив яриад сууж байтал ашгүй нэг юм хоол нь боллоо. Өлсөж байсныг ч хэлэх үү гэрийн эзэгтэй Насаагийн хийсэн гуляштай пирошки гэдэг хоол маш амттай санагдсан юм. Маргааш өглөө Баяржаргалтай хамт ажил руу нь явахаар боллоо. Тэрбээр Монгол Улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж байгаа бөгөөд азаар тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг-Ус ард түмэн, сэтгүүлчидтэй нээлттэй уулзалт хийхтэй таарсан юм. Уулзалтын танхим дотор “Эрүүл агаар” иргэний хөдөлгөөний тэргүүн Агаарзандан, “Миний Монголын агаар ус” хөдөлгөөний тэргүүн Тарвага нарын тэргүүтэй бухимдсан ард иргэд битүү дүүрсэн байлаа.
Хажууд зогсож байсан хоёр эмгэн ийн ярилцана.
-Саяхан Сайхансамбуугийн хүү усанд орсон гэсэн.
Нөгөө эмгэн нь:
-Пээх тэр чинь ямар цамаан цус вэ? Үхэхээсээ өмнө нэг усанд орж үзчихээд үхэх юмсан. Ер нь хамгийн жаргалтай үхэл чинь живж үхэх юм шүү дээ гэж ярилцахыг нь сонсоод нэг бодлын инээд ч хүрэх шиг нөгөө бодлын өрөвдөлтэй санагдаж байв.
Төд удалгүй Ерөнхийлөгч Элбэг-Ус индэр дээр гарч ирэн сэтгүүлчдийн асуултанд хариулж эхэллээ. Эхний асуултыг “Халуун хөнжил” сонины сэтгүүлч Г.Ганбагана тавьсан юм.
-Ноён Ерөнхийлөгчөө, та өнгөрсөн долоо хоногт толгойн дээрээ стакан ус асгаж байсан. Та төсөвийн усыг үрэн таран хийж ядарсан ард иргэдийнхээ татварын усыг ингэж үрэхээсээ айхгүй байна уу?
Элбэг-Ус хариуд нь:
-Та сая надаас толгой дээрээ яагаад ус асгасан бэ? гэж асуулаа. Би толгой дээрээ яагаад ус асгасан бэ гэсэн асуултанд тань хариулъя. Тэр өдөр манай найз надад стакан ус бэлэглэсэн юм л даа. Гэртээ аваачин хэдэн хүүхдийнхээ цангааг тайлъя гэж бодоод бариад явж байтал гэнэт чухал уулзалтанд орох болоод сандалан дээр хальт тавьчихсан чинь унаад толгойн дээр асгарчихсан юмаа. Ерөөсөө ийм л юм болсон. Төсвийн усыг үрэн таран хийсэн юм байхгүй л байгаа биз дээ. Шударга байцгаая. Шударга л байя л даа гэж Ганбаганы амыг таглалаа.
 Харин дараа нь “Үдшийн шивнээ” сонины сэтгүүч Г.Балжинням ийн асуув.
-Эрхэм Ерөнхийлөгчөө та эх орны хишигт ус, эрдэнийн хувьт ус, нийт 2,5 тонн усыг иргэн бүрт өгнө гэж амласан. Энэ амлалтын тань хэрэгжилт аль шатанд явж байгаа вэ?
Элбэг-Ус хариуд нь:
-Саяхан Оюу усны орд газрыг ашиглах талаар Канадын “Иван хүү муу найз” (Ivanhoe Mines) компанитай гэрээ байгуулсан. Эхний ээлжинд 200 сая тонн ус зээлээд иргэн бүрт дал, далан литр ус өгөхөөр боллоо, тийм үү. Үлдсэн хоёр тонн 430 литр усыг өгнө, мөн үү гэж дуусангуут
“Ирак” сонины сэтгүүлч Д.Энхсайхан гэгч баруун хөлийн гутлаа тайлаад Элбэг-Ус руу шидэв. Элбэг-Ус оногдоогүй хэрнээ ухаан алдаад уначихлаа. Төд удалгүй хаанаас ч гарсан юм маш муухай өмхий ихүүн үнэр хурлын танхимыг дүүргэж цугласан олон тарахаас өөр аргагүй болсон юм. Дараа нь сонсохнээ Энхсайхан сэтгүүлч усанд ороогүй 45 жил болсон. Элбэг-Усын хэлсэн хариултанд уурлаж гутлаа тайлсан, тэр үнэр хөлөөс нь гарсан учраас уулзалт тарж харамсалтай нь өөрөө хоригдсон гэнэ.
Монгол хүний царайнаас баясал, аз жаргал олж харна гэдэг Энхсайханы хөлний эвгүй үнэрнээс хэцүү зүйл байлаа. Харамсалтай нэг зүйл нь төрсөн нутгийнхаа шорооноос авч харих хүсэл минь биелсэнгүй. Төрсөн нутагт минь авах шороо ч алга. Ямар үнс шуудайлаад явалтай биш.

2 comments:

Бэсүд Бяруузана Пүрэвдагва said...

Сайхан болжээ хө...Хөгжилтэй боловч Олон юм хөндсөн, юм бодуулахаар сайхан бичлэг болж

Anonymous said...

Энэ ёстой гоё нийтлэл болсон шүү С.Батхуяг минь.